2025.01.27 - 2025.01.31

ОНЦЛОХ ИШЛЭЛ

"Бүтэлгүйтэл бол төгсгөл биш. Энэ бол

суралцах, өсөж дэвших боломж юм."

- Женсен Хуан

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 52,345.94 нэгжид хүрч 0.79 хувийн өсөлттэй хаагдлаа. 
  2. Одоогоос 14 жилийн өмнө Монголбанк БНХАУ-н төв банк болох Ардын банктай гадаад худалдааны төлбөр тооцоог дэмжих болон бусад зорилгын хүрээнд үндэсний мөнгөн тэмдэгт солилцох юань болон төгрөгийн своп хэлцэл байгуулсан байдаг. Өнгөрсөн хугацаанд уг хэлцлийн хугацааг сунгах, нэмж эх үүсвэр авч ирж байсан бол 2024 онд 4.5 тэрбум юань буюу ойролцоогоор 580.0 сая ам.долларын эх үүсвэрийг хүүгийн хамт хугацаанаас нь өмнө эргэн төлсөн байна. Ингэснээр БНХАУ-н төв банкнаас авсан юанийн зээлийн хэмжээ 6 тэрбум юань буюу 780.0 сая ам.доллар болж буурсан байна. Хэдийгээр дээрх дүнгээр гадаад валютын нөөцийн хэмжээ буурсан хэдий ч өнгөрсөн жил нүүрсний борлуулалт өссөнтэй холбоотой нөөцийн хэмжээ харьцангуй тогтвортой байлаа. Олон нийтэд уг хэлцлийн нөхцөл буюу хүүгийн талаарх мэдээлэл бага байдаг ба цаашид өрийн удирдлагын хүрээнд өндөр хүүтэй гадаад зээлийг төлж, шаардлагатай бол шинээр бага хүүтэй эх үүсвэр татах нь илүү үр ашигтай юм.
  3. Төгрөгийн ханш ам.долларын эсрэг 2024 оны 9 сарын төгсгөлөөс эхлэн суларч эхэллээ. 2024 оны 9 сарын эцэст Монголбанкнаас зарласан ам.долларын ханш 3,380.94 төгрөг байсан бол 2025 оны 2 сарын 2-ны өдрийн байдлаар 1 ам.доллар 3,448.24 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь ам.долларын ханш төгрөгийн эсрэг 2 хувиар чангарсан үзүүлэлт юм. 

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. Хиймэл оюун ухааны өрсөлдөөний айдас АНУ-ын хувьцааны зах зээл уналтад өнгөрөгч 7 хоногт голлон нөлөөллөө. Технологийн салбарын компаниудын жин их дарсан "Nasdaq Composite" индекс Даваа гарагт огцом уналттай эхэлсэн ба энэ нь БНХАУ-ын хиймэл оюун ухааны хөгжүүлэгч DeepSeek олон нийтэд танилцуулагдсантай холбоотой байлаа. Өнгөрөгч 7 хоногт S&P 500 индекс 1.00 хувь, NASDAQ Composite индекс 1.64 хувь тус тус уналттай байсан бол DJIA индекс 0.27 хувийн өсөлттэй хаагдлаа. 
  2. Трампын засаг захиргааны худалдааны тарифын бодлоготой холбоотой мэдэгдлүүд хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна. Ерөнхийлөгч Дональд Трамп Мексик, Канад улсуудын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн тариф ногдуулах төлөвлөгөөгөө 2-р сарын 1-нээс хэрэгжүүлэхээ дахин нотолсон бол БНХАУ-аас импортлох бараанд нэмэлт 10 хувийн тариф тогтоох төлөвтэй байна. Тарифтай холбоотой мэдэгдлүүд хөрөнгө оруулагчдыг түгшээж байна.
  3. Холбооны Нөөцийн Сангийн 2025 оны анхны мөнгөний бодлогын хурал Пүрэв гарагт боллоо. Тус хурлаар бодлого тодорхойлогчид бодлогын хүүгээ 4.25 хувь – 4.50 хувийн хооронд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Төв банкны Ерөнхийлөгч хурлын дараа инфляц бодитой буурах эсвэл хөдөлмөрийн зах зээлийн халалт намжих хүртэл бодлогын хүүг бууруулахгүй, бууруулах гэж яарах шаардлагагүй хэмээн мэдэгдлээ.
  4. АНУ-ын эдийн засаг 2024 оны 4-р улиралд 2.3 хувиар, 2024 онд нийт 2.8 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Хувийн хэрэглээ болон Засгийн газрын зардал нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлтөд гол нөлөөг үзүүлжээ. 

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. Европын төв банк бодлогын хүүгээ бууруулсан болон компаниудын ашигт ажиллагаа шинжээчдийн хүлээлтийг давсан нь STOXX Europe 600 индекс 1.78 хувь өсөж, түүхэн дээд түвшнийгээ шинэчлэхэд нөлөөллөө. Тодруулбал, Europe 600 индекс 1.78, FTSE 100 индекс 2.02 хувь, ХБНГУ-ын DAX индекс 1.58 хувийн тус тус өсөлттэй байлаа.
  2. Европын төв банк хүлээлтийн дагуу хүүгийн түвшнийгээ 0.25 хувиар бууруулж, 2.75 хувь болголоо. Төв банкны Ерөнхийлөгч Кристин Лагард "Инфляцын түвшин буурах үйл явц хэвийн үргэлжилж байна. Энэ удаагийн мөнгөний бодлогын шийдвэр гаргалтад бодлого тодорхойлогчид санал нэгтэй бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргасан." гэж онцоллоо.
  3. Шведийн төв банк бодлогын хүүгээ 2.50 хувиас 2.25 хувь болгон буурууллаа. Шведийн төв банк 6 дахь удаагаа бодлогын хүүгээ бууруулаад байна. 

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. БНХАУ-ын хиймэл оюун ухааны хөгжүүлэгч DeepSeek олон нийтэд танилцуулагдаж АНУ-ын хиймэл оюун ухааны ноёрхолд өрсөлдөх магадлал нэмэгдсэний улмаас Япон улсын чип үйлдвэрлэлийн хувьцаануудын ханш уналттай байлаа. Өнгөрөгч 7 хоногт Nikkei 225 индекс 0.90 хувь уналттай  хаагдсан бол TOPIX индекс 1.37 хувийн өсөлттэй байлаа. 
  2. Япон улсын төв банк 1 сарын 23–24-ний өдрийн мөнгөний бодлогын хуралдаанаараа 3 дахь удаагаа бодлогын хүүгээ өсгөсөн билээ. Төв банкны зүгээс инфляцын төсөөллөө дээшлүүлж бодлогын хүүгээ өсгөж байгаа нь зах зээлийн уналтад мөн нөлөөлж байна.
  3. Токио хотын суурь инфляцын түвшин 2024 оны 1 сард жилийн өмнөх үеэс 2.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. 

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

  1. Сар шинийн баярын өдрүүдийг тохиолдуулан БНХАУ-ын зах зээл Даваа гарагаас бусад бүх ажлын өдрүүдэд өнгөрөгч 7 хоногт амарлаа. Тус улсын зах зээл үндэсний баярын улмаас амарч байгаа бөгөөд 2 сарын 5-аас дахин нээгдэнэ.
  2. БНХАУ-ын 1-р сарын үйлдвэрлэлийн PMI 50.1 - 49.1-д хүрч бууралттай гарлаа. Мөн үйлдвэрлэлийн бус салбарын PMI 52.2 - 50.2-д хүрч бууралттай гарлаа. (Жич: PMI 50-иас дээш байх нь тэлэлт, доош байх нь агшилтыг илэрхийлдэг.) Жил бүрийн 1 сард БНХАУ-ын PMI ихэвчлэн бууралттай байдаг ба энэ нь сая сая иргэд Сар шинийн баяраар төрөлх хот, тосгод руугаа буцдагтай холбоотой байна.
  3. БНХАУ-ын эдийн засагт тулгарч буй дефляцийн дарамт нь зах зээлийн хамгийн том эрсдэл болоод байна.

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 5.99 хувиас 6.84 хувийн хооронд байна. Мөн Улаанбаатар хотын бондын өгөөж 6.78 хувь байна. 


Монгол улсаас олон улсын зах зээлд арилжаалсан компанийн бондуудын өгөөж 6.24 хувиас 10.40 хувийн хооронд арилжаалагдаж байна. 


Харилцагч та дараах бондууд болон АНУ-ын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах боломжтой.

Монгол Улсын ууган арилжааны банк Худалдаа Хөгжлийн Банк өнгөрсөн оны 12-р сард Олон Улсын зах зээл дээрээс 200.0 сая ам.долларын ээлжит бондыг амжилттай арилжаалсан билээ.


Тус банкны актив 2024 оны эцсийн байдлаар 15.0 их наяд төгрөгт хүрсэн бол ашигт ажиллагаа нь 300.0 тэрбум төгрөгт хүрч системийн нөлөө бүхий 5 банкны ашигт ажиллагааны 18 хувийг дангаар бүрдүүлж байна. Түүнчлэн 2024 оны эцсийн байдлаар тус банкны зах зээлийн үнэлгээ 1.27 их наяд төгрөг байгаа нь Монголын Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байгаа компаниуд дундаас эхний 3-т орох үзүүлэлт юм.


Харилцагч, хөрөнгө оруулагч та бүхэн дээрх ам.долларын бондод хөрөнгө оруулахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

Дэлгэрэнгүй

ХУВЬЦААТ КОМПАНИЙН  МЭДЭЭ

Монголын хөрөнгийн биржийн I-р ангилалд бүртгэлтэй Төрийн Банк ХК /SBM/ 2024 оны жилийн эцсийн тайлангаа танилцууллаа.

Тус компани нь 2024 оны тайлант жилд 672.7 тэрбум төгрөгийн хүүгийн орлоготой ажилласан нь жилийн өмнөх мөн үеэс 34.4 хувь, 108.0 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь 13.9 хувь тус тус өссөн үзүүлэлт боллоо.

Монголын хөрөнгийн биржийн I-р ангилалд бүртгэлтэй Сэндли ББСБ ХК /SEND/ 2024 оны жилийн эцсийн тайлангаа танилцууллаа.

Тус компани нь 2024 оны тайлант жилд 22.5 тэрбум төгрөгийн хүүгийн орлоготой ажилласан нь жилийн өмнөх мөн үеэс 50.7 хувь, 8.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь 39.5 хувь тус тус өссөн үзүүлэлт боллоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ

"ХААН БАНК" ХК ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

 2025.01.30


"Хаан банк" ХК нь 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд олон нийтэд 959 төгрөгийн нэгж үнэ бүхий 191,219,800 ширхэг энгийн хувьцааг санал болгох замаар нийт 183,379,788,200.00 төгрөгийг татан төвлөрүүлсэн болно. 


Тус банк нь энгийн хувьцааг нийтэд санал болгон арилжсанаар өөрийн хөрөнгөө нэмэгдүүлснээс гадна татан төвлөрүүлсэн нийт хөрөнгийг 2024 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар дараах байдлаар зарцуулж дууссан байна. Үүнд:

  • Мэдээллийн технологийн хөрөнгө оруулалт: 16%

  • Цахим бүтээгдэхүүний хөгжүүлэлт, сайжруулалт: 19%

  • Ногоон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилт: 34% 

  • Урт хугацаат зээл /Орон сууц, хөрөнгө оруулалтын санхүүжилт/: 31%

Дэлгэрэнгүй

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

 2025.01.27


"Монголын хөрөнгийн бирж" ХК нь Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу 2022 оны 12 дугаар сард нэмэлт хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжиж, нийт 11.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. 


Татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтын талаар үнэт цаасны танилцуулгад тодорхой тусгасан бөгөөд компанийн дунд хугацааны бизнес төлөвлөгөөний дагуу татан төвлөрүүлсэн хөрөнгийг дараах байдлаар зарцуулахаар төлөвлөсөн. Үүнд: 

  • Арилжааны системийн сайжруулалт: 63.7%

  • Мэдээлэл технологийн аюулгүй байдал: 10.7%

  • Дотоод үйл ажиллагааны цахимжуулалт: 6.1% 

  • Хөрөнгийн зах зээлийн сургалт үйлчилгээ, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх төв бий болгох: 19.5%.

Дэлгэрэнгүй

Товхимлыг бэлтгэсэн:

С. Зоригт /Дилер/


Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.

2024 © "Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК

Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

+976 7010-0261